Skip to content Skip to footer

Олон улсын Wanderlust фестивалийн тухай

“Wanderlust” төсөл: Хүүхэд бүрт зориулсан театрын урлаг ба Азийн хамтын ажиллагаа
Монгол Улсын хэмжээнд амьдарч буй 1.3 сая хүүхэд багачуудын 60 гаруй хувь нь хөдөө орон нутагт өсөн торниж байна. Гэвч орон нутгийн хүүхдүүдийн хувьд мэргэжлийн театрын уран бүтээл үзэх, урлагаар дамжуулан хөгжих боломж маш хязгаарлагдмал байгаа юм. Энэхүү хэрэгцээ шаардлагад үндэслэн ASSITEJ Монгол төвөөс “Wanderlust” төслийг санаачлан эхлүүллээ.

Төслийн үндэслэл ба зорилтууд Өнөөдөр Монгол Улсад хүүхэд, залуучуудад зориулсан мэргэжлийн театр, урлагийн байгууллагууд цөөхөн байгаа нь хүүхдийн соёлын оролцоог орхигдуулж байна. Ялангуяа алслагдсан бүс нутгийн хүүхдүүд театрын урлагаас алслагдах тусам тэдний бүтээлч сэтгэлгээ, гоо зүйн боловсрол дутмагших эрсдэлтэй байдаг.

“Wanderlust” төслийн үндсэн зорилго нь:

  • Хөдөө, алслагдсан бүсийн хүүхдүүдэд театрын урлагийг хүртээмжтэй хүргэх
  • Уран бүтээлчдийг хүүхдийн театрын салбарт мэргэших, энэ чиглэлд анхаарч ажиллахад уриалах
  • Театрын урлаг хүүхдийн хөгжил, төлөвшилд хэрхэн нөлөөлдгийг олон нийтэд таниулах

Азийн бүсийн хамтын ажиллагаа: Монгол, Индонези, Непал Олон Улсын хүүхэд, залуучуудад зориулсан тайз, театрын урлагийн холбоо (ASSITEJ International)-оос зарласан “Бүсийн хамтын ажиллагааны хөтөлбөр”-т энэхүү төсөл маань шилдэг төслөөр шалгарч, санхүүжилтийн эхний хэсгийг амжилттай босголоо.

Төсөл нь зөвхөн Монгол Улсаар хязгаарлагдахгүй, Азийн бүсийн түвшинд хэрэгжихээрээ онцлог юм:

  • 2025 он: Төслийн нээлт болон хэрэгжилт Монгол Улсаас эхэлнэ
  • 2026–2027 он: Төсөл Индонези болон Непал улсуудад үргэлжлэн хэрэгжинэ

“Wanderlust төсөл нь хил дамнасан түншлэл, уран бүтээлийн солилцоо болон соёлын олон янз байдлыг хүүхэд, залуучуудад таниулах чухал алхам юм.”

Хүлээгдэж буй үр дүн Энэхүү санаачилга хэрэгжсэнээр орон нутгийн хүүхдүүд дэлхийн жишигт нийцсэн театрын урлагтай танилцах төдийгүй, Азийн гурван улсын уран бүтээлчид туршлага солилцож, хүүхдэд зориулсан контентын чанар, хүртээмжийг шинэ шатанд гаргах болно. Наадам маань амжилттэй хэрэгжснээр цаашид уламжлал болгон жил бүр зохиогдох, өөр олон улсуудад байгаа хүүхдүүдэд хүрэх бүрэн боломжтой болно.