Skip to content Skip to footer

Орон нутгийн зохион байгуулагчОрхон аймаг, Эрдэнэт

Орхон аймаг нь Монголын хамгийн залуу аймаг бөгөөд 1994 онд байгуулагдсан. Аймгийн төв нь Эрдэнэт хот бөгөөд улсынхаа хэмжээнд хүн амын тоогоор хоёрдугаарт ордог. Эрдэнэт хот анх 1974 онд байгуулагдаж, 1976 онд хотын статустай болсон. Өнөөдөр 120 мянга гаруй хүн амтай, хүн амын ихэнх нь залуучууд байдаг. Аймаг нь уул уурхайн баяжуулах үйлдвэр, хөнгөн үйлдвэрлэл, боловсрол, соёлын байгууллагуудаараа улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулдаг. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь зэс, молибдений баяжуулалтаараа дэлхийд томоохонд тооцогддог.

Орхон аймгийн Хүүхэд Залуучуудын Театр

Эрдэнэт хотод 1981 онд “Хүүхэлдэйн клуб”-ээс эхлэлтэйгээр театрын үйл ажиллагаа эхэлсэн. 1991 онд “Хүүхэлдэйн театр” болж, 2011 оноос “Хүүхэд залуучуудын театр” нэртэйгээр ажиллаж байна. Театр нь 220 суудалтай их танхим, 50 суудалтай бага танхимтай. Олон улсын болон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож, 8 алтан медаль хүртсэн. 90 гаруй бүтээл туурвиж, БНХАУ, ОХУ-ын фестивалиудад тогложээ. 2025 онд “Хөх төрийн бэрс”, “Асаж буй толгод” жүжгийг Монголын аймгуудад болон Эрээн хотод тоглосон. 2026 онд Эрдэнэт хотын 50 жилийн ойд зориулан “Эрдэнэсийн нууц” хүүхэлдэйн жүжгийг үзэгчдэд хүргэсэн.