АССИТЕЖ нь 1965 онд байгуулагдсан хүүхэд залуучуудад зориулсан тайз, театрын урлагийн эрхийг хамгаалж хөгжүүлэх дэлхийн хамгийн том холбоо юм. Үндэсний харьяалал, соёл, угсаа гарал, нийгмийн давхаргаас үл хамааран хүүхэд бүрийн урлагийн боловсролын эрхийг хамгаалж, олон улсын хамтын ажиллагаа, мэдлэг туршлага хуваалцах орон зайг бий болгож, салбарын хөгжилд хувь нэмэр оруулдаг. Өнөөдөр тус холбоо дэлхийн 75 гаруй улсын үндэсний төв болон 20 гаруй уран бүтээлчдийн нийгэмлэг, байгууллагыг нэгтгэн ажиллаж байна.
Тайз театрын урлагийн салбарт цирк, бүжиг, жүжиг, пантомим, дуурь, хүүхэлдэйн театр, яруу найраг, драм гэх мэт тайзны урлагийн төрлүүд бүгд багтдаг.
Олон улсын АССИТЕЖ нь олон төрлийн үйл ажиллагаа, арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг ба тухайлбал:
- Олон улсын фестиваль, уулзалт, конгресс
Уран бүтээлчдийн уулзалт – Жил бүр
Дэлхийн конгресс уулзалт – Гурван жил тутам - ITYARN – Залуу үзэгчдэд зориулсан олон улсын театрын судалгааны нийгэмлэг
- SMALL SIZE – Бага насны үзэгчдэд зориулсан театрын холбоо (0–5 насны үзэгчид)
- Write Local, Play Global – Жүжгийн зохиолчдын холбоо
- IIAN – Тэгш оролцоог хангах урлагийн холбоо
- Young Dance Network – Залуу бүжигчдийн холбоо
- Next Generation Network – Залуу уран бүтээлчдийн холбоо
https://assitej-international.org/
Монгол дахь олон улсын хүүхдийн тоонот гэр театрын холбоо
(АССИТЕЖ Монгол)-ын тухай
Олон улсын хүүхэд залуучуудад зориулсан тайзны урлагийн холбоонд (ASSITEJ International) 2021 онд албан ёсоор нэгдэж, ASSITEJ Монгол үндэсний төвөө байгуулсан түүхтэй.
Хэдийгээр манай улс хүүхдийн театрын олон жилийн уламжлалтай (Хүүхэд залуучуудын театр, Хүүхэлдэйн театр г.м) боловч олон улсын энэхүү нэгдсэн сүлжээнд орсноор монгол уран бүтээлчид дэлхийн тавцанд дуу хоолойгоо хүргэх шинэ гарц нээгдсэн юм. ASSITEJ Монгол төв байгуулагдсан цагаасаа хойш богино хугацаанд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, дараах чиглэлүүдэд анхаарч ажиллаж байна.
- Олон улсын хамтын ажиллагаа Монгол уран бүтээлчдийг дэлхийн томоохон фестиваль, конгресс уулзалтад оролцуулах, олон улсын шилдэг туршлагыг эх орондоо нэвтрүүлэх. Үүний нэг тод жишээ нь энэхүү Wanderlust төсөл юм.
- Уран бүтээлчдийг чадавхжуулах төсөл хөтөлбөр Хүүхэд залуучуудад зориулсан тайзны уран бүтээлчдийг дэмжих, хөгжүүлэх, чадавхжуулах мөн шинэ залуу үеийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулах. Үүний нэг тод жишээ нь Next Generation Mongolia хөтөлбөр юм.
- Соёлын урлагийн бодлого Хүүхдийн театрын ач холбогдлыг таниулж, салбарын төсөв, санхүүжилтэд анхаарал хандуулж, хүүхэд бүрийн урлагийн боловсрол эзэмших эрхийг соёл урлагийн бодлогод тусгуулах.
https://www.assitejmongolia.org/

